Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Thursday, November 25, 2010

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ!


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот.
О.Дашбалбар

Сайхан гэж хэлэх чамд багадна



Сайхан гэж хэлэх чамд багадна
Саваагvй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна
Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгvй
Хяруу цайрах намар цагаар хуучирахгvй
Бодлогошронгуй хачин тунгалагхан чиний ертөнцөд
Богинодсон даашинзтай хонгор нас минь vлдсэн

Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн
Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч
Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг
Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг
Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг
Яг л миний шүтэн дурладаг
Яруу эрхэм хайр минь чи юм шүү!