Жил бүрийн арваннэгдүгээр сарын 10-ныг дэлхий дахин "Шинжлэх ухааны өдөр" болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан "Аргументы и факты" сонин хүн төрөлхтний амьдралыг чанаржуулан өөрчилсөн 20 аугаа нээлт, бүтээлийг онцлон нэрлэсэн байна. Энд Адронны их хурдасгуур мэтийн том бүтээлийг оруулаагүй ч хүний амьдралд хамгийн хэрэгцээтэй, сонголттой, ашигтай болж чадсан бүтээлийг багтаажээ.
Архи. Бидний өвөг дээдэс байгалийн хүчний өмнөх түгшүүрээ арилгахын тулд МЭӨ 6-10 мянган жилийн тэртээ архи буюу "бодол санааны хулгайч"-ыг бүтээжээ. Хэдийгээр эл осолтой ундаа дэлхий дахинаа хамгийн ихээр тархаж чадсан ч хүмүүсийн бороо, цас мэтийн байгалийн гэнэтийн гамшгаас айх болгоомжлол татраагүй.
Ус дамжуулагч хоолой. Эл төхөөрөмжийг МЭӨ мянган жилийн тэртээ бүтээсэн агаад энэ нь техникийн хөгжил төдийгүй хүн төрөлхтний ахуйн хэрэглээний хөгжлийг ч нэг алхмаар урагшлуулсан юм. Оросын анхны ус дамжуулагч хоолойг модоор бүтээж байсан гэдэг.
Хиймлээр үр суулгах. Байгалийн жамаар бус лабораторийн аргаар суулгасан анхны хүүхэд 1978 онд Их Британид мэндэлсэн билээ. Луиза Браун нэртэй эл бүсгүй хуруу шилний анхны хүүхэд гэдгээрээ алдаршсан. Хуучин ЗСБНХУ-д 1986 онд ийм аргаар бий болгосон анхны хүүхэд мэндэлжээ. Сонирхолтой нь эл хүүхэд мөн л эмэгтэй байсан агаад эрэгтэй хүнээс дутахааргүй идэвхитэй нэгэн болж өсчээ.
Компьютер. Программ бүхий анхны компьютерыг Стокгольмын инженер Георг Шутц зохион бүтээж 1855 онд Парис хотноо зохиогдсон дэлхийн үзэсгэлэн яармагт сонирхуулсныг олон хүн мэднэ. Гэвч Георг Шутц нь орос хүн гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Тэгэхээр компьютерийн эцэг орос хүн гэж болно.
Дугуй. МЭӨ дөрвөн мянга орчим жилийн өмнө дугуй гэгч дундаа нүхтэй модон тойргийг анх Месопотамид бүтээжээ. Энэ нь орчин үед автомашинаас авахуулаад хамгийн нарийн бүтэцтэй олон зүйлсийн үндсэн эд болон хөгжсөн.
Хамгаалах хэрэгслүүд. Эртний Египетэд эмэгтэйчүүдийг матрын баас түрхэж бэлгийн хавьтлаас урьдчилан хамгаалах aргыг зөвлөдөг байж. Азаар 1855 онд анхны резинэн бэлгэвчийг бүтээж, харин зуун жилийн дараа жирэмслэлтээс сэргийлэх дааврын болон бусад бэлдмэлийг бүтээжээ.
Үсний будаг. Адронны их хурдасгуурын хажууд үсний будаг бүтээсэн явдал юу юм бэ гэж зарим хүн бодож болзошгүй. Гэвч эл бүтээгдэхүүнийг амьдралдаа нэг удаа ч болов хэрэглэж үзээгүй эмэгтэй ховор. Үсний будгийг XIX зууны сүүлээр бүтээжээ.
Живх. Бяцхан жаал төдийгүй эцэг, эхчүүдийг ч бүтэн нойртой хонуулдаг шидэт дотоожийг Америкийн иргэн Виктор Миллз 1957 онд бүтээсэн. Ач нарынхаа өлгий, даавууг цэвэрлэж залхсан өвөө уусгагч төхөөрөмж бүхий живх бүтээж туршсанаар хүн төрөлхтнийг "магнайг тэнийлгэх" нээлт хийсэн байна. Тэгэхээр уг нээлтийг нойр харамлалт, залхуугаас төрсөн гэж болно.
Пенициллин. Эрдэмтэн Александр Флеминг 1928 онд нянгууд дээр туршилт хийж байхдаа аяганд наалдсан бичил биетийг санамсаргүй олж харжээ. Тэнд хөгц бий болсон байж. Гэхдээ хөгцний ойролцоох бичил биетүүд мөхөж байхыг ажигласан эрдэмтэн яавч жирийн тохиолдол бишийг ойлгожээ. Пенициллин эндээс үүссэн түүхтэй.
Рентген. Хүний биеийг гаднаас нь нэвт харах боломжийг олгосон гайхамшигт туяаг 1895 онд Германы профессор Вильгельм Рентген нээсэн. Тэрбээр уг нээлтээ олонд танилцуулах туршилтдаа эхнэрийнхээ хуримын бөгжтэй гарын рентген зургийг сонирхуулж байжээ.
Онгоц. Анхны нисдэг аппаратыг Оросын зохион бүтээгч Можайский 1881 онд бүртгүүлж, зохиогчийн эрх авсан ч энэ нь aгaaрт хөөрч чадаагүй байна. 1903 онд Америкийн иргэд, ах дүү Райт нисдэг төхөөрөмж бүтээсэн агаад энэ нь 260 метрийн өндөрт хөөрч, жинхэнээсээ нисэж чадсан байна.
Зурагт. Эл аугаа бүтээлийн эзэн ч нэг бус. Гэхдээ Америкийн иргэн болсон орос инженер Владимир Зворыкиныг зурагтын эцэг гэж нэрлэж болно.
Утас. Анхны утсыг зохион бүтээгч Александр Белл 1876 онд АНУ-д бүтээж, зохиогчийн эрх авсан ч хоёр жилийн дараа уг утсыг ашиглан дуудлага хийжээ. Гэхдээ утсыг ашиглан дуудлага хийх аргыг өөр хүн зохиосон юм байна.
Фото зураг. Зургийг бодитоор нь буулгах үзүүлбэрийг 1826 онд Францын иргэн Жозеф Ньепс сонирхуулжээ. Тэр цагаас хойш фото аппаратны загвар, чанар улам төгөлдөржсөөр байгаа.
Томруулагч дуран. Голландын шилний мастер Иоганн Липперсгей 1908 онд шидэт дуранг анх бүтээсэн агаад жилийн дараа Галилей үүнийг ашиглан огторгуйг нэвт дуpaнджээ.
Хөргөгч. Америкийн иргэн, эмч Жон Гори 1850 онд хиймэл мөс үйлдвэрлэгч аппарат бүтээсэн нь хөргөгчний эхлэл болсон юм. 1927 онд АНУ-д хөргөгчний үйлдвэр ажиллаж эхэлсэн бол Орост 10 жилийн дараа ийм үйлдвэр ашиглалтад оржээ.
Зүрхний цахилгаан сэргээгч. Эл төхөөрөмжийг анх 1927 онд клиник туршилтад ашиглажээ.
Цөмийн эрчим хүч. Шинэ Зеланд гаралтай Их Британийн физикч Эрнест Резерфорд тэргүүтэй эрдэмтэд эл нээлтийн эцэг гэгддэг. Цөмийн эрчим хүчний ашиг тус барагдашгүй хэдий ч сөрөг үр дагавар нь мөн л аюултай. Буруу санаатнууд үүнийг зүй бусаар ашиглавал ертөнцийг агшин зуурт орвонгоор нь эргүүлэх хүчин чадалтай.
Интернэт. 1969 онд АНУ-ын Батлан хамгаалахын яамны захиалгаар нийт дөрвөн компьютерийг бичил сүлжээгээр холбожээ. Бусад машиныг эл сүлжээнд нэгтгэх явц удаан хугацааны туршид үргэлжилсэн агаад 1989 онд Их Британийн эрдэмтэн Тим Бернерс Ли олныг хамарсан сүлжээнд мэдээлэл, бичлэг солилцох аргыг боловсруулснаар дэлхий нийтийг хамарсан аалзны шүлс буюу интернэт "мэндэлсэн" юм.
мэдээний эх сурвалж : gogo.mn
No comments:
Post a Comment